🔹 Цэс

Айкидо Танилцуулга

“Айкидо” бие хамгаалах урлагийг үндэслэн хөгжүүлсэн хүн бол Их Багш Морихэй Уэшиба юм. Айкидо - 合気道 гэдэг нэрийг япон хэлнээс орчуулж үзвэл энэ урлагийн өвөрмөц онцлогийн талаар төсөөлөл төрөх болов уу.

Айкидо нэрний утга

“Айкидо” гэдэг нэр “Ай”, “Ки”, “До” гэдэг 3 дүрст үсгээс бүтдэг. Эдгээр нь дараах утгатай:

  • “Ай” – төгс төгөлдөр, эвсэн нийцэх
  • “Ки” – энерги, ертөнцийн шим
  • “До” – замнал

Иймд Айкидо нь “Ертөнцийн тойрог, жам ёстой нийцэн амьдрах замнал” гэсэн ерөнхий утгыг илэрхийлдэг.

Айкидо-гийн үүсэл, хөгжлийн онцлог

Айкидо нь Японы ард түмний зан заншил, түүх уламжлал, сэтгэлгээний онцлогтой нягт холбоотойгоор үүсэн хөгжсөн цэвэр өөрийгөө хамгаалах урлаг юм. Олон зуун жилийн турш япон самурай нарын хөгжүүлж ирсэн сэлмийн тулааны урлагийн үндсэн хөдөлгөөн техник дээр суурилан хөгжсөн.

Айкидо нь:

  • Довтолсон хүний хүчийг дагуулан өчих
  • Хөдөлгөөнийг нь зогсоон өөрийн хяналтад оруулах
  • Хүчийг нь дагуулан шидэх
зэрэг үндсэн техникийг хэрэглэн өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг судалдаг урлаг юм.

Айкидо-гийн философи ба онцлог

Айкидо нь бусдыг ялан дийлэх сэтгэл зүйг агуулдаггүй гэдэг утгаараа тэмцээн зохиогддоггүй, өрсөлдөөний сэтгэлгээг агуулдаггүй онцлогтой. Тиймээс:

  • Өөрийгөө хамгаалж сурах
  • Биеийн эрүүл мэндийг чийрэгжүүлэх
  • Айкидогийн өвөрмөц гүн ухааныг судлах

гэх мэт зорилгоор хүн бүр хичээллэх боломжтой. Насны хязгаарлалт, биеийн боломж, чадварт онцгой шаардлага тавигддаггүй тул хүн бүр өөрийн түвшин, онцлогтоо тохируулан суралцах боломжтой.

Монголын Айкидо Холбоо

Монголын Айкидо Холбоо нь Айкидогийн 5 дантай М.Алтанбагана багшийн удирдлага дор олон багш, сурагчидтай хамтран бэлтгэл сургуулилтдаа шамдан хичээллэж байна.

Нэршлүүдтэй танилцах